Испанид хүнсний үнэ ихээхэн өсжээ

  • 0
  • 0
© Монгол мэдээ Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Эх сурвалж: Монцамэ агентлаг

МАДРИД. /Anadolu/. Өнгөрсөн онд Испанийн супермаркетуудад хүнсний бүтээгдэхүүний үнэ 15.2 хувиар өссөн талаар тус улсын Хэрэглэгчдийн асуудал эрхэлсэн байгууллага /OCU/ мягмар гарагт мэдээлжээ. Энэ нь ийм судалгааг 34 жилийн өмнөөс хийж эхэлснээс хойших жилийн хамгийн их өсөлт болж байна.

“Таагүй мэдээ дуулгахад хүнсний ихэнх бүтээгдэхүүний үнэ өссөн байна, түүнчлэн супермаркетын бүх сүлжээнд үнэ нэмэгдсэн нь өөр нэгэн муу мэдээ болж байна” гэж Хэрэглэгчдийн асуудал эрхэлсэн байгууллагын хэвлэлийн төлөөлөгч Илеана Изверничану мэдээлжээ.

Тодруулбал, наранцэцгийн тосны үнэ Украины дайнаас шалтгаалан хамгийн ихээр буюу 118 хувиар өссөн бол энэ зун Испани, Европт ган гачиг нүүрлэсэнтэй холбоотойгоор оливын тосны үнэ 53 хувиар өссөн байна. Үүний зэрэгцээ өнгөрсөн онд Ла Пальма арал дээрх галт уул дэлбэрсэн нь Испани гадилын үнийг 64 хувиар өсөхөд нөлөөлжээ.

Мөн гурилын дундаж үнэ 50 хувиар өссөнөөс шалтгаалан паста, маффин талхны үнэ 56 хувь, 75 хувиар тус тус өссөн байна. Нийтэд нь авч үзвэл, эрчим хүч, тээврийн зардлын үнэ өссөнөөс үүдэн инфляцын түвшин огцом нэмэгдэж байгаа энэ үед хүнсний бүтээгдэхүүний 95 хувийнх нь үнэ өсжээ.

Гэхдээ Испанийн хэрэглэгчдэд үнийн өсөлт харилцан адилгүй байна. Тухайлбал, Виго, Сьюдад-Реаль хотуудад хүнсний дундаж үнэ Пальма, Барселона, Мадрид хотуудынхаас харьцангуй хямд байгааг судалгаа харуулжээ. Үнэ мөн супермаркетуудын хооронд ихээхэн хэлбэлздэг бөгөөд хамгийн боломжийн үнэтэйг нь сонгосон хэрэглэгчид жилд дунджаар 994 евро /955 доллар/ хэмнэх тооцоо гарсан байна.

Хэрэглэгчдийн асуудал эрхэлсэн байгууллагын зүгээс хүнсний бүтээгдэхүүний татварыг бууруулах, хамгийн эмзэг бүлгийн өрхүүдэд хүнсний талон санал болгох зэргээр амьжиргааны өртгийн хямралыг даван туулахад дэмжлэг үзүүлэх “яаралтай арга хэмжээ” авахыг уриалжээ.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх