Автомашиныхаа бүхээгт нас барсан жолоочтой холбоотой асуудлаар Баян зам тээвэрчдийн холбоо мэдэгдэл гаргажээ

  • 0
  • 0
© Монгол мэдээ Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Гашуунсухайт-Ганц мод боомтод Хятадын Штамбын талбайд жолооч машиныхаа бүхээгт нас барсан тухай өчигдөр бид мэдээлсэн билээ. Тэгвэл энэхүү асуудалтай холбоотойгоор "Баян зам тээвэрчдийн холбоо"-ноос мэдэгдэл гаргасан байна.
 
Уг мэдэгдэлд "2022.09.27 ний өдөр тээврийн жолооч О.Б нь Гашуун сухайт-Ганц мод боомт чиглэлд улс хоорондын тээвэр хийж гүйцэтгэх үедээ хятад улсын Ганц мод боомтын хилийн штамбын бүст машин дотроо гэнэт нас барсан харамсалтай хэрэг явдал тохиолджээ.
 
Энэхүү хэрэг явдал нь гурван сайдын тушаалаар батлагдсан Гашуун сухайт боомтоор экспортын тээвэр хийх журмын дагуу Гашуун сухайт -Ганц мод боомт чиглэлд тээвэр хийж буй 7000 орчим тээвэрчдийн амь нас, эрүүл мэнд, хүний эрхийн асуудалд онцгой анхаарал хандуулах болсоныг дохиолсон үйл явдал боллоо гэж бид үзэж байна.
 
Цаашид халдвар хамгаалал тусгаарлалтын хатуу дэглэмийг .сулруулах, эрүүл аюулгүй орчинд ажиллах амьдрах нөхцлийн хангах чиглэлд төр засаг эрх бүхий байгууллагуудаас авч буй арга хэмжээг улам сайжруулах, тээврийн хэрэгслийн эд анги агааржуулалт бүрэн ажиллагааг хангуулах, эрүүл мэндийн болон бусад хяналтыг нэмэгдүүлэх, Хилийн бүст тээвэр хийх үеийн битүүмжлэх зарим үйл ажиллагааг хөнгөвчлөх зэрэг арга хэмжээ авах талаар төр хувийн хэвшил олон нийтийн байгууллага хамтран ажиллах шаардлага нэн чухал болсон гэж бид үзэж байна.
 
Үүнд:
 
  • Хилийн бүст бүхээгт лацтай байх үеийн хатуу журам битүүмжлэлийг бууруулах,
  • Бүхээгний хаалга цонхыг лацдуулан жолоо барих үед давхар маск, коврол малгай хэрэглэхгүй байх,
  • Цонхыг давхар лацдахгүй байх, тодорхой цэгт тодорхой хугацаанд цонх салхивчийг нээж агаар оруулдаг болох
зэрэг хатуу журмыг хөнгөвчлөх, хүний эрхийн заалтыг хангуулах арга хэмжээ авах талаарх хүсэлтийг Гадаад харилцааны холбогдох шугамаар хятад улсын талд уламжлан шийдвэрлүүлэх албан хүсэлтийг ГХ-ны сайд Б.Батцэцэгт илгээж байна.
 
Мэргэжлийн байгууллагын дүгнэлт эцэслэн гараагүй байгаа тул бид яаран дүгнэлт хийж, сэтгэл хөөрөл туйлшралаар хандахаас зайлсхийж, ёс зүйтэй байх нь зөв болов уу.
 
Талийгаач Б- нь эхнэр гурван хүүхэд, гурван ач зээгийн хамт амьдардаг эгэл нэгэн тээвэрчин байсан ба тухайн өдөр /2022.09.27/ эхний рейс тээврээ хийхээр хил гарсан гэсэн мэдээлэл байна.
 
Улсынхаа экспортод хувь нэмрээ оруулан ажиллаж байсан түүний ар гэр, үр ач нарт нь гүн эмгэнэл илэрхийлье.
 
ЭЕРЭГ байцгаая ...
БАЯН ЗАМ ТЭЭВЭРЧДИЙН ХОЛБОО
2022.09.29" гэжээ. 
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх