Судалгаагаар манай улсад эрт үедээ өвдөгний үе солиулах тохиолдол бусад улсынхаас 10 орчим хувиар илүү байдгийг УНТЭ-ийн Хэрх, үе судлал, үе сэргээх төвийн дарга Б.Отгонбаяр хэллээ.
Түүнээс өнөөдөр болсон "Гэмтэл согог судлалын 24 дүгээр эрдмийн чуулган"-ы үеэр үе солиулах мэс заслын талаар тодруулсан юм.
Тэрбээр “Монгол Улс хиймэл үе суулгах хагалгаа хийгээд 10 гаруй жил болж байна. Хиймэл үе дандаа яваад байхгүй, зарим тохиолдолд давтан хагалгаанд орох шаардлага үүсдэг.
Гэхдээ манай улсын хувьд өвдөгний үеийг эрт үедээ солиулж байгаа тохиолдол бусад орныхноос арай өндөр түвшинд байна. Тухайлбал, БНСУ, Япон улсын тухайд эрт үедээ хиймэл үетэй болж байгаа тохиолдлоос манайх 10 орчим хувиар илүү байгаа юм.
Ер нь үе бол хөдөлгөөн болон таргалалттай холбоотой. Тодруулбал, тарган болон хөдөлгөөн муутай байх нь үе гэмтэх эрсдэлийг үүсгэдэг. Түүнээс гадна үе гэмтэх маш олон хүчин зүйл бий бөгөөд манайхан залуугаараа үеэ гэмтээсэн мөртлөө анзаарахгүй олон жил яваад үе солих хэмжээнд хүрчихдэг явдал байдгийг хэлэх хэрэгтэй.
Дээрх шалтгаантай холбоотойгоор манай улсад залуугаараа үе солих хагалгаанд орох тохиолдол нь бусад улс орнуудтай харьцуулахад 10 орчим хувиар илүү байна гэсэн үг" гэлээ.
Түүнчлэн тэрбээр, ер нь хөгжилтэй орнуудад үе солиулах хагалгаанд 70, 80-аас дээш насныхан ордог бөгөөд энэ үедээ үе солиулах хагалгаанд орвол амьдралынхаа туршид хиймэл үетэйгээ явах боломжтой. Харин хэтэрхий эрт үедээ хиймэл үе суулгах буюу үеэ солиулах нь цаашдын амьдралынхаа явцад давтан хагалгаанд орох магадлалыг үүсгэдэг гэдгийг хэлсэн юм.
Гэхдээ одоогоор манай улсад үений дурангийн хагалгаа харьцангуй хөгжсөн. Энэ нь эрт үеийн гэмтлийг үений дурангаар засах боломжийг олгодог гэв.
Түүнээс гадна нэгэнт үе солиулах мэс засал хийлгэх шаардлага үүссэн өвчтөн жингийн асуудалд ихээхэн анхаарах хэрэгтэй аж.
Энэ тухай УНТЭ-ийн Хэрх үе судлал, үе сэргээх төвийн үений мэс заслын эмч Н.Энхтайвангаас тодруулахад "Үе солиулах хагалгааны үр дүн биеийн жингийн байдалтай холбоотой.
Хагалгаа хийх тухайд бид ямар ч байдлаар хийж чадна. Гэхдээ хагалгаанд гол нь үр дүн чухал. Тиймээс илүүдэл жинтэй буюу биеийн жингийн индекс нь 40-өөс илүү хүмүүст өвдөгний үений хагалгаа хийдэггүй буюу эсрэг заалттай гэж үздэг.
Тодруулбал, хүн хэт тарган байвал үеэ солиулсан ч хийвэл үе буюу эндопротез буюу хиймэл үетэйгээ олон жил явах боломжгүй. Учир нь өвдөг дээр биеийн жингийн ачаалал шууд ирдэг бөгөөд нас ахих тусам яс сийрэгждэг гэдгийг санах хэрэгтэй.
Хэдийгээр хагалгаа сайн болсон ч сийрэг ясан дээр хүнд жингээр дарсаар байвал хиймэл үе яс руу суух асуудал үүсэх нь мэдээж. Ингэхээр эргээд тухайн өвчтөнд зовуурь өгч эхэлдэг.
Энэ нь анхдагч хагалгаанаас илүү хэцүү, нарийн төвөгтэй байдаг тул дагаад зардал нь ч өндөр болдог" гэлээ.
Мөн үе солиулсны дараах давтан хагалгаа гэдэг огтхон ч хүсээд байх зүйл биш учраас бид биеийн жингийн индекс нь өндөр буюу хэт тарган хүнд шууд хагалгаа хийхээс зайлсхийж, тэднийг тураад, дараа нь мэс засалд орохыг зөвлөдөг хэмээн тайлбарлав.