"Хүчирхийллээс татгалзаж, бие биедээ харилцан хүндэтгэлтэй, үүрэг, хариуцлагаа ухамсарлан, ижил тэгш харилцъя"

  • 0
  • 0
© Монгол мэдээ Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

“Нандин бүхнээ хамгаалъя” уриатай аяны талаар болон гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлыг талаар Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын 1-р хэлтсийн Гэр бүлийн хүчирхийлэлээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч Д.Гуахалиунаас тодрууллаа.

Тэрбээр “Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 2022 оны эхний 11 сарын байдлаар Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 2,353 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Үүнээс эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татагдсан 3, гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн 21 гэмт хэрэг бүртгэгдэж, Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлд зааснаар 550 иргэнийг албадан сургалтад хамруулж, 7-30 хоногийн хугацаатай баривчлах шийтгэл оногдуулж, 6.20 дугаар зүйлд зааснаар хүүхдийн эрх, ашиг зөрчсөн 196 иргэнд тус бүр 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 300.000 төгрөөөр тус тус торгож шийдвэрлэсэн” гэв

Мөн “Нандин бүхнээ хамгаалъя” аяны талаар “Дэлхийн 180 гаруй улс жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-г нэгдмэл зорилго, нэг уриан дор охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй аливаа хүчирхийллийн эсрэг хөдөлгөөнд нэгдэх, эрэгтэйчүүдийн талаарх эерэг ойлголт, хандлагыг түгээх зорилготой зохион байгуулагддаг.

Энэ жилийн аян нь “Нандин бүхнээ хамгаалъя”, “Өөрийгөө, гэр бүлээ, орчин тойрноо” сэдвийн дор эмэгтэй, эрэгтэй хүмүүсийг өөр өөрийн амьдралдаа эзэн болж, улам сайн сайхан амьдрахын төлөө эерэг арга замыг сонгож, бие биедээ ижил тэгш, хүндлэлтэй хандахыг уриалж байгаа юм. Аяны гол онцлог нь эрэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, эрэгтэйчүүддээ мэдээллийг нь түгээе гэсэн чиглэлээр зохион байгуулж байгаа арга хэмжээ” хэмээн тайлбарлав.

Жендэрт суурилсан хүчирхийлэл гэдэг нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль альных нь эсрэг хүйсийн байдлаас үүдэн үйлдэгдсэн хүчирхийлэл, дарангуйлал бөгөөд бие махбодь, бэлгийн болон сэтгэл зүйн хохирол учруулахыг хэлдэг байна.

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хооронд үүссэн эрх мэдлийн тэгш бус харилцаа нь жендэрт суурилсан хүчирхийллийн гол хүчин зүйл аж. Эрэгтэй, эмэгтэй гэлтгүй хүн бүр хүчирхийлэлд өртөх эрсдэлтэй байдаг байна. Эрчүүдийн хувьд сэтгэл санааны хүчирхийлэлд өртөх нь элбэг байдаг байна. Гэр бүлийн хүчирхийллээс ангид байх хамгийн чухал алхам бол гэр бүлийн гишүүдийн харилцаа, ойлголцол гэнэ.

Цагдаагийн байгууллага “Нандин бүхнээ хамгаалъя” аяны хүрээнд доорх үр дүнд хүрнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа аж.

Тодруулбал,
- Олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлснээр жендэрт суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдлэг, мэдээлэлтэй болно
- Хүчирхийллийг үл тэвчих нийгмийн эерэг сэтгэлгээ бий болно
- Эрэгтэйчүүд, хөвгүүдийн оролцоог нэмэгдүүлснээр эрэгтэйчүүдийн зан үйл, хандлагад тодорхой хэмжээний өөрчлөлт ахиц, дэвшил гарна
- Хүчирхийллээс татгалзаж, бие биедээ харилцан хүндэтгэлтэй, үүрэг, хариуцлага ухамсарласан, ижил тэгш харилцах нөхцөл бүрдэнэ.

Ташрамд дурьдахад, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зорилгоор гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж болзошгүй, үйлдсэн, хяналтад байдаг, 2 ба түүнээс дээш удаагийн дуудлага, мэдээллийн давтамжтай гэр бүлийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, хороодын “Хамтарсан баг”-т холбон зуучилж, сэтгэл зүйчтэй хамтран хариу үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Иймд иргэд та бүхэн Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан мэдээлэх үүргээ биелүүлж, хүчирхийлэлд өртсөн хэн нэгнийг авран хамгаалж, холбогдох байгууллагад мэдэгдэж байх хэрэгтэй байна. Иргэд ийнхүү гэмт хэрэг, зөрчлийн талаар өгсөн мэдээллийг нууцалдаг гэдгийг энд сануулах нь зөв биз ээ. Хүчирхийллийг тэвчдэггүй хүн бай.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх