Тээврийн компаниудад ижил боломж олгож байж л нүүрсний хулгайгаас сална

  • 0
  • 0
© Монгол мэдээ Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

“Эрдэс баялгийн тойм” сонин энэ удаагийн тусгай дугаартаа нүүрсний хулгай тойрсон асуудлуудын цаад учрыг хөөж сурвалжлахыг зорилоо. Нүүрсний хулгайг хөндсөн Төрийн ордон дахь сонсгол, УИХ-аас энэ чиглэлээр гаргасан шийдвэрийг тоймлосноос гадна олонд хүлээн зөвшөөрөгдсөн эдийн засагчдын байр суурийг Таны анхааралд хүргэж байна. 

Бидний зүгээс байр суурийг нь сонирхохгүй алгассан хэсэг бол нүүрсний хулгайн эсрэг тэмцсэн гэгдэж буй жагсагчид болохыг зориуд тодотгоё. Тэднийг сэтгэлийн дуудлагаараа, яг зорьж тэмцээгүйг батлах өчнөөн кейс бий учраас манай редакц ийм шийдвэрт хүрсэн юм. Жагсагчдын зарласан нүүрсний хулгайч нар буюу 17 улстөрчийн хэн нь ч өнөөг хүртэл шийтгүүлээгүй, нүүрсний оффтейк гэрээний өчнөөн нь хөшигний цаана үлдчихсэн, өнөөг хүртэл нууц байгаа тэдгээр том гэрээг олонд ил болгох сонирхол эрх мэдэлтнүүдэд бий эсэх нь тодорхойгүй, нүүрсний хамгийн том хулгайч нар гэгдэж буй нөлөө бүхий эрхмүүд эхнээсээ хил даваад зугтаж эхэлсэн, нүүрсний хулгайгаар халаасаа зузаатгасан улстөрчдийн зүгээс жагсагчдад их хэмжээний санхүүжилт өгсөн гэх мэт барим тавим мэдээлэл хөвөрсөн учраас тэдний байр суурийг зорьж сонирхоогүйгээ давтан онцолъё. 

Энэ удаа бид нүүрсний хулгай тойрсон асуудлаас ашигт малтмалын тээвэрлэлт гэсэн өнцгийг онцлон хөндөж байна. Учир нь улстөрчид нүүрс­ний хулгайн томоохон хэс­гийг зөвхөн тээвэрлэлтээс халаасалж бай­гаа нь нуух юмгүй ил үнэн юм. УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайдын суудалд олон жил тухалсан эрхэм нүүрс тээврийн хэ­дэн зуун машинтай, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан тээв­рийн вагоноороо өчнөөн мөнгө халаасалдаг гэх мэт жиг жуг, шуугиан чих дэлсдэг. Улстөрийн нөлөөтэй эрхмүүд тээвэрлэлтээс их хэмжээний мөнгө халаасалдаг тухай хэв­лэлийнхэн ч байсхийгээд он­цолдог. Энэ мэтээр цааш нь үргэлжлүүлбэл олон “но” бий. Наад захын жишээ гэхэд л эрдэс баялгийн тээвэрлэлтээс асар том тоотой мөнгө халаа­салдаг гэх улстөрчдийн маши­ныг рецедивүүд, тэтгэвэртээ гарсан хурандаа нар хариуцдаг гэх дэл сул яриа ч дуулддаг. Гэхдээ энэ бүхний цаад руу өнгийж асуудлыг дэлгэж тавь­сан хэвлэл мэдээлэл, хариуцлага тооцсон хууль хүч­ний байгууллага, эрх мэдэлт­нүүд өнөөхөндөө байхгүй уч­раас яг таг ингэдэг тэгдэг гэж шууд дүгнэхэд хэцүү. Цаашид ч дэлгэж тавихгүй гэдэг нь нэг дээр нэгийг нэмэхэд хоёр гардаг гэдэг шиг тодорхой зүйл ч гэлээ зайлшгүй хөндөж, хөөх сэдэв мөнөөсөө мөн гэдгийг улиглан онцолъё. 

НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧДАДАА ХАРИУЦЛАГА ТООЦВОЛ ЗАСАГТ ИТГЭЕ 

Жүжигчин У.Цогтбаяр тэр­гүүтэй жагсагчид гэх хүмүүс нүүрс­ний хулгайчдыг зарлаж, АТГ-ын дарга нүүрстэй хол­богд­сон хэнийг ч ялаас хэлтрүүлэхгүй гэж мэдэгдсэн боловч өнөөг хүртэл тэднээс ганц ч хүн шийтгэл хүлээгээгүй нь нийгэмд маш том эргэлзээ төрүүлж байна. Мөрдөн бай­цаалтын явц нууц байх ёстой гэх мэт шалтгаан байж болох ч нүүрсний хулгайтай холбоотой хэн нэг улстөрчийг хорьж бай­цаасан зүйл өнөөхөндөө алга. Ингээд бодохоор нүүрсний хул­гайч нарыг зарласан жаг­саалыг нүд хуурсан жүжиг, түр аргацаасан байдал гэж хар­дахаас өөр арга алга. Шуудхан хэлэхэд хулгайч нь хулгайчаа зарласан төдий шоуг манай эрх баригчид гайхмаар амжилттай хийчихлээ. Хэрвээ тийм биш байсан бол нүүрсний хулгайч хэмээн нэр зүсээ зар­луулсан улстөрчид өдийд шийт­гэлээ хүлээж, оффтейк гэрээнүүд бултаараа ил болох учиртай байв. Одоо нийгэмд цор ганц хүлээлт бий. Олон нийт “Нүүрсний хулгайчдадаа хариуцлага тооцвол л засагт итгэе” гэсэн хүлээлтээр төрийн ордны зүг ширтэж байна. Нүүрсний хулгайчдыг зарласан эрх баригч, улстөрчид өөрсдөө хулгайч биш л бол нэр зүс нь тодорхой болсон улстөрчдөд хатуу хариуцлага хүлээлгэх учир­тай. Хүлээлгэх эсэхийг нь харж л байя. 

ТЭЭВЭРЛЭЛТЭЭС ОЛДОГ ӨЧНӨӨН ТЭРБУМЫГ ХЭН ХАЛААСАЛЖ БАЙНА ВЭ? 

Нүүрсний хулгай болон эр­дэс баялгаас олж буй, олж болох мөнгөний ихэнх хэсгийг эрх мэдэлтнүүд, эрх ашгаараа нэгдсэн бүлэглэлүүд тээвэрлэлтээр дамжуулж халаа­салдаг нь нуух юмгүй бодит үнэн. Товчхондоо нүүрс, эрдэс баялгийн хулгайн жин дарахаар хэсэг энд бий. Тээвэр ложистикоос улстөрчид, нөлөө бүхий бүлэглэлүүд хэрхэн мөн­гө саадгийг ганц жишээгээр нотолъё. Таван толгойгоос Чойр, Мааньт гэсэн маршрутад нүүрс тээвэрлэхэд тээврийн хөлс хаданд гарчихсан. Энэ хооронд нэг машин 44 тонныг тээвэрлэх ёстой ч 56 тонныг нэмээд аччихдаг гэх асуудал бий. Бүр тодруулж хэлбэл овоол­гоноос нэмсэн 56 тонн нь үнэгүй нүүрс гэсэн үг. Ийм хулгай жишиг болсноос үүдэж тээвэрлэлтийн хөлс хаданд гарсан гэж тээвэрлэгчид ярьж байна. Өнөөдөр Таван толгойгоос Чойр хүртэл ганц машин нүүрс тээвэрлэхэд компаниуд дөрвөн сая төгрөг зарцуулж байна. Гэтэл тээвэрлэлтийн бодит зардал нь 1.8-2 сая төгрөгт эргэлддэг аж. Төмөр замын тээвэрлэлт дээр ярихад нэг цуваанд тус бүр нь 66.5 тонны жинтэй 50 вагон явдаг. Нэг удаагийн ийм тээвэрлэлтийн өртөг багадаа 150 сая, ихдээ 300 сая төгрөгөөр хэмжигддэг бол баялгийн хулгайчид энэ мөнгөн дээр дор хаяж 200 сая төгрөг нэмж халаасаа түнтийлгэдэг гэсэн яриа, мэдээлэл дуулддаг. Өөрөөр хэлбэл нэг цуваа вагон нүүрсний тээвэрлэлтийн хөлс 500 сая буюу хагас тэрбум төгрөг хүрч хаданд гарч байгааг нүүрс тээврийн компанийнхан толгой сэгсрэн ярьж сууна. Дахиад онцлоход хулгайн нүүрс гаарсан учраас тээвэр­лэлтийн хөлс ингэж хаданд гарч байна. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ сайнгүй, Орос Украйны дайн, Хятадын “Тэг ковид” бодлогоос болж энэ жил ч нүүрсний ханш бага байх таамаглал давамгайлж буй энэ үед тээврийн тэнгэрт цойлсон үнэ өртгөөс болж компаниуд сөхрөхдөө тулж яваа нь нууц биш. Байдал энэ хэвээр удаан үргэлжилбэл цаашдаа олон компани дампуурах эрсдэл бий. Эдийн засаг хэцүү, долларын ханшид улсаараа дарлуулсан ийм цагт валют олдог компаниуд үүдээ бариад эхэлбэл эмч, багш нарын цалин тасалдах гэх мэт зовлон ар араасаа цуварна. Улсаараа хэцүүдсэн тэр цагт хожих хүмүүс нь тээвэрлэлтийн үнийн хөөсрөл, нүүрсний хулгайгаас их мөнгө халаасалсан хулгайч улстөрчид, эрх ашгаараа нэгдсэн том бүлэглэлүүд гэчихэд дэгсдүүлэл болохгүй.

 ТЭЭВРИЙН ХӨЛСНИЙ ХӨӨСРөЛ БОЛ НҮҮРСНИЙ ЖИНХЭНЭ ХУЛГАЙ 

Эцэст нь ахиад онцлоход нүүрснээс олох мөнгөнөөс давсан тээврийн хөлсний хөөсрөл бол жинхэнэ хулгай. Уг нь энэ хулгайг таслан зогсоох шийдэл бий. Тээврийн компаниудад хүссэн вагоноо гаднаас оруулаад ирэх нөхцөл, боломжийг нээгээд өгчихөд л шийдэгдчих асуудал. Гэтэл өнөөдрийн бодит байдлыг харж, тээврийн компанийнхны тоочиж яваа бэрхшээлийг сонсохоор Зам тээврийн яам, Улаанбаатар төмөр зам гэх мэт холбогдох албаныхан яагаад ч юм ийм зөвшөөрөл өгөхийг хүсдэггүй, ийм асуудал сөхөгдөхөд тун хойрго ханддаг. Нүүрсээ элдэв хулгай, авлигагүй ахиухан үнээр зарж улсын төсөвт их мөнгө төвлөрүүлье гэвэл тээврийн компаниудад гаднаас вагон оруулж ирэх зөвшөөрөл л өгмөөр байна. Хугацаа шаардахгүй хамгийн энгийн хэрнээ үр ашигтай шийдэл гэвэл ердөө энэ. 
Тээврийн салбарт нэгэнт үүсчихсэн монополийг ингэж л задална. Тэгж байж л нүүрсний хулгай алга болж, хулгайчдын эрх сүр, нөлөө хүч багасна. Чөлөөт зах зээлийн зарчим тээврийн салбарт үйлчилж эхэлбэл, жижиг том ялгаагүй бүх тоглогчдод ижил гараа, тэгш боломжийг өгчихвөл нүүрсний хулгайг жинхэнэ утгаараа шийдэж чадна. Төрийг төлөөлсөн Зам тээврийн яам, Улаанбаатар төмөр зам гэх мэт эрх бүхий байгууллагууд тээврийн жижиг, дунд компаниудад том тээвэрлэгч монополиудад эдлүүлдэг шигээ эрх, боломж олговол тээврийн компаниуд олноороо дампуурахгүй. Өнгөрсөн жил гэхэд л 84 компани дампуурсныг энэ дашрамд эргэн сануулъя. 

Тээврийн хэт хөөсөрсөн өндөр зардлаас болж хөрөнгө оруулагчид хөрөнгөө татсан кейс ч өчнөөн бий. Үлдсэн хөрөнгө оруулагчдын хувьд хулгайч улстөрчид, эрх ашгаараа нэгдсэн нөлөө бүхий эрхмүүдийн ая эвийг дагаж, халаасыг нь түнтийлгэхээс өөр аргагүй байдалтайгаар бизнесээ эрхэлж яваа. Шуудхан хэлэхэд тэдэнд хувь заяатайгаа эвлэрэхээс өөр сонголт үлдээгүй хэрэг л дээ. Дараагийн дугаартаа бид Монгол Улсын хэмжээнд олборлож экспортлодог баял­гийн үнэ цэнийн талаар нарийвчилж хөндсөн тусгай дугаар бэлтгэж хүргэхээр болсноо нийтлэлийнхээ төгсгөлд онцолъё. 

Ц.БААСАНСҮРЭН

Эрдэс баялгийн тойм сониноос 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх