Өнөөдөр монголчууд маань тэр дундаа залуучууд архийг идээний дээж биш энгийн унд цай мэт хэрэглэдэг болчихжээ. Гэмт хэрэг зөрчлийн ихэнх нь хар уснаас үүдсэн байдаг. Иймээс залуучууддаа зориулаад архины хор хөнөөлийн талаар хүргэж байна. Монголчуудын хувьд Хүннү-ийн үеэс малын сүүг эсгэн өвөрмөц дарс гарган хэрэглэжээ. Тэр бол та бидний сайн мэдэх айраг билээ. Архи үүссэн үеэс л хүмүүс архины хорын талаар ойлголтыг авч архийг хорьж эхэлсэн байдаг. Эртний Энэтхэгт архи уусан хүний амруу буцламтгай халуун ус цутгаж шийтгэдэг байсан бол Англи улсад муу хувцас өмсгөдөг байсан түүхтэй.
Монголын эртний их засаг хуулийн оршилд: Будда бурхан: "Өвсөн дээр унасан шүүдрийн ганц дуслын хэмжээний архи уусан бол тэр хүн миний шавь биш" гэжээ. Харин Христос бурхны сургаалд: "Архи уух нь хүний хамгийн том нүгэл мөн", Лалын шашны коран сударт: "Эрүүл мэндэд хортой архи тамхи хэрэглэх нь хувь хүнийг эвддэг тул хэрэглэж үл болно" хэмээн бурхны сургаалуудад айлдсан байх юм. Архинд байгаа бүх алкоголь хоол боловсруулах эрхтнээр дамжин биед шингэж, шууд цусны эргэлтэд ордог. Алкоголь бол ходоодонд боловсордоггүй, цусаар дамжин элэг зүрхэнд хүрээд тэндээсээ цусаар дамжин бүхий л эд эс болон уураг тархинд хүрдэг байна. Ингэж мэдрэлийн төв систем, уураг тархины үйл ажиллагаа хэвийн бус болж халууцах шиг болно. Архи уусан хэмжээнээс хамааран тодорхой үе шат дамжиж хордуулдаг байна.
Архины хурц хордолтын үе шатууд:
Хөнгөн согтолт бол нэгдүгээр үе шат: /баясах үе шат/
Үг яриа нь олширч, хөөрөмтгий болно, өөр дээрээ хүний анхаарлыг татах сонирхолтой, өөртөө тавих хяналт суларна. Энэ үед орон зайн баримжаа алдагддаг. Жолооч нар хурдалдаг, зоригтой болдог.
Дунд зэргийн хордолт бол хоёрдох үе шат: /согтуурлын үе шат/
Хүний анхаарал их суларна, анхаарал төвлөрөх чадвар багасна.
Сэтгэл санааны хөөрөмтгий, баясгалантай байдал нь огцом цочирч, уур хилэн, бухимдал болон өөрчлөгддөг.
Цаг хугацаа болон гадны нөлөөг хүлээн авах нь удааширч, юмс үзэгдлийн хөдөлгөөнийг тодорхойлж чадахаа больдог. Энэ үед осол аваарт их ордог.
Хүчтэй хордолтын үе шат буюу гуравдугаар үе шат:
Ухаан балартаж, орон зай, цаг хугацааны баримжаагүй болдог ба бие хянах чадвар бүрэн алдагддаг, үйл хөдөлгөөнөө захирч чадахаа больж толгой эргэж ухаан алдана. Огцом уурлаж, хүч түрэмгийлэн агсан тавьж эхэлнэ. Ихэнх хүмүүс энэ үед ухаан алдах буюу гүн нойронд автдаг байна.
Ком буюу мэдрэлээ алдах үе шат:
Их хэмжээний архи хэрэглэснээс болж алкоголь биед үхлийн нөлөө үзүүлж болно. Уураг тархины үйл ажиллагаа бүрэн сааталд орж мэдрэлийн төвөөс хүний амьсгалах горимыг алдагдуулж амьсгал зогсох аюулд ордог. Зүрхний үйл ажиллагаа хэвийн биш болдог.
Сүүлийн шат буюу үхэлд хүргэх шат юм.
Архи нь тодорхой эрхтнүүдэд нөлөөлөх нь:
Уураг тархи:
Архинд хамгийн их нэрвэгддэг эрхтэн бол төв мэдрэлийн систем ба ялангуяа уураг тархи юм. Уураг тархи маш чухал эрхтэн бөгөөд хүний олон чухал үйл ажиллагааг хянадаг.
Үүнд: Оюун ухаан, сэтгэл хөдлөл, шүүмжлэл, суралцах болон тогтоох чадвар, цусны эргэлт, амьсгал, биеийн хөдөлгөөн, хоол боловсруулах зэрэг өөр олон үйл ажиллагааг хянадаг. Архи нь удаан хугацаагаар уураг тархинд нөлөөлсний үр дүнд ядаргаа тусах, анхаарал сулрах, хайнга болох, бодол санаагаа төвлөрүүлэх чадваргүй болох, цочромтгой болон ичгүүргүй муу зантай болох зэрэг хөөрлийн шинжүүд илэрнэ. Архины архаг өвчин туссан хүний оюун ухаан муудаж тогтоох чадвараа алддагаас гадна солиорох шинж тэмдэг ч илэрдэг байна.