Босоо хүлэмж гэдэг нь дээр дээрээс нь давхарлан өрсөн олон тавцанг гэрэл дулааны зохицуулалттайгаар, хаалттай орчинд байрлуулж, ургамал тарьж ургуулах технологи билээ. Эрчим хүчний зарцуулалт багатай LED гэрлээр гэрэлтүүлгийг шийдсэн хэдий ч энэ салбарын хамгийн гол зардлыг эрчим хүчний зардал эзэлсэн хэвээр байгаа юм. Босоо хүлэмжүүд нь хэрэглэгчиддээ ойр байрлаж, тээврийн зардал хэмнэх, үүнийгээ дагаад агаарт ялгаруулах хорт хаягдлыг багасгах ач холбогдолтой юм. Мөн усны хэрэглээг хамгийн бага түвшинд байлгаж, хорхой шавжнаас бүрэн тусгаарлагдсан учир пестицид ашигладаггүй зэрэг давуу талуудтай.
2022 онд Их Британид Jones Food Company дэлхийн хамгийн том буюу 13750 метр квадрат талбай бүхий босоо хүлэмжийг ашиглалтанд оруулна гэсэн. Мөн АНУ-ын AeroFarms компани өөрийн хамгийн том босоо хүлэмжээ Virginia мужийн Daneville хотод нээнэ гэжээ. Салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниуд ч мөн энэ жил үйл ажиллагаагаа нилээн өргөтгөж байгаагийн нэг нь Nordic Harvest компани бөгөөд тус компани Копенгаген дахь хүлэмжээ өргөтгөж, Стокгольм хотод шинэ хүлэмж барих юм. Калифорни мужийн Plenty компани мөн Лос Анжелес хотын ойролцоо шинэ босоо хүлэмж нээх гэж байна. Ихэнх босоо хүлэмжүүдэд үнэлгээ өндөртэй навчит ургамал тариалдаг ч сүүлийн үед зарим хүлэмжийн компаниуд улаан лооль, чинжүү, ойн жимс тариалах болжээ.