Preloader
Шуурхай мэдээ:

Цагаан тахлаар хиарах вий

Мэдээ мэдээлэл

  1. Эхлэл
  2. Онцлох мэдээ

 

Цагаан тахлаар хиарах вий

 

Монгол орон аравхан жилийн дотор  хар тамхийг  хэрэглэгч улс болчих гэж. Энэ бол аюулын харанга. Хар тамхитай орооцолдсон хүмүүс ихэвчлэн томчуудын хүүхдүүд, урлаг соёлынхон, хариуцлагатай албан тушаал хашигсад байгаа нь нууц биш.

Мөн энэ цагаан тахалтай ороооцолдогсдын нас залуужиж  тоо нь бүр жилдээ 35 орчим хувиар өсч байгаа нь юутай эмгэнэл.

Гадаадын улс орнууд хар тамхитай тэмцэхдээ орох үүд хаалганаасаа эхлээд шалгадаг, илрүүлдэг. Гэтэл Монголчууд орж ирсэн хойно нь илрүүлж байна гэх явган яриа  өмнөд хойд хөршүүдийн гэмт этгээдүүд басамжилсан, маазарсан өнгө аясаар ярьдаг гэх сураг сонсогддог.

Үнэхээр  залуусын хэрэглээд байгаа тэр хар тамхи, түүнтэй төстэй ургамал, мөс  хаанаас  хаагуур орж ирээд байгаа нь асуудал юм.

Жил бүр 35 хувиар өсч байгаа гэх судалгааг мэргэжлийн байгууллагуудаас гаргасан байдаг. Тэгвэл 10 жилийн дараа.. гэж бодохоор айдас хургаж байна.

Өнөөдөр таны хүүхэд хаана явааг  та бид мэддэг бил үү. Үнэндээ  хүүхдийнхээ хэлсэн  давтлага, номын сан, найзындаа гэх зэрэгт хэт итгэдэг. Зарим  эцэг эхчүүд ажил төрлөөсөө болоод итгэхгүй байсан ч өөрийгөө хуурах байдлаар түүнд нь итгэсэн дүр үзүүлдэг. Энэ нь  алдаа бөгөөд та хожимдсон байдаг...

Мэргэжлийн байгууллагуудын мэдээлж буйгаар энэ хэрэгт холбогдогчдын ихэнх нь нөлөө бүхий хүний хүүхдүүд байдаг гэх яриа ч ор үндэсгүй зүйл биш бөгөөд олонд ч ил болсон асуудал. Эдгээр нөлөө бүхий хүмүүсийн хүүхдүүдийн нэр усыг болж өгвөл зурагтай нь олонд танил болтол нь харуулахад гэмгүй гэж  хүмүүс ярьцгааж  байна. Энэ нь нэг талаараа тэднийг жигшихийг, тэдний найз нөхөдтэй ямар нэгэн байдлаар үр хүүхэд ач зээгээ орооцолдчих вий гэж байгаа сэрэмжлүүлэг. Тиймээс тэднийхийсэн хэргийг,  хаана хэрхэн юу үйлдсэнийг тодруулах, тодотгох хэрэгтэй. 

Өдгөөгөөс гурван жилийн өмнө буюу нэгэн хотхоны 12 давхраас 21 настай залуу унаж, нас барсан хэрэг гарч байв. Талийгаач нь хошин шогийн нэгэн жүжигчний хүү байсан бөгөөд уг байр нь Ерөнхийлөгч Х.Баттулгын хүү Хүлэгтийн гэр байснаар барахгүй тэнд  10 гаруй залуус мансууруулах  төрлийн бодис хэрэглэсэн нь шинжилгээгээр илэрсэн байдаг. Тэднийг Эрүүгийн хуулийн 188-ийн 1, 192-ын 1,2,3,4-т зааснаар хэрэг үүсгэн шалгаж  байсан ч тэгсгээд замхарсан...

Ерөнхийлөгчийн хүүгээс гадна  өнөөдрийн дуулиан болоод байгаа дэд сайд асан Т.Болдбаатарын охин Буянжаргал нь  хоёр дахь удаагаа энэ хэрэгт холбогдоод байгаа. Мөн Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Д.Сургарын хүү Цогийг 2016 онд "ice" буюу мөс биедээ авч явсан, хэрэглэсэн байж болзошгүй гэх үндэслэлээр саатуулан шалгаж байгаа гэх мэдээлэл тухайн үед цацагдаж байсан ч тэгсхийгээд мөн л нам жим болсон байдаг. Гэтэл тэрбээр уг хэргээс 2 жилийн өмнө 10 гаруй хүний хамт шалгагдаж шүүхээс шийтгэгдсэн ч өршөөлд хамрагдаж суллагдсан гэж байгаа.  

Томчуудын хүүхдүүд дотор Б.Бадрах гэх нэр бас дурсагддаг. ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Баясгаланг Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга байх үед хүү  нь Хятадад хар тамхи хэрэглэсэн хэрэгт баривчлагдаж байв. Энэ бол 2011 онд болсон явдал. Тэрбээр "Гуйврын ачаа авч явсан. Дотор нь ийм зүйл байсан” гэх тайлбар хийж байсан бөгөөд уг хэргээс 6 жилийн дараа буюу Зайсанд болсон асуудалд ч тэрбээр хутгалдсан ч мөн л  чимээгүй болсон.

Томчуудын хүүхдүүд холбогдсон эл хэргээс хийсэн хэрэгтээ ял эдэлсэн нэгэн бол УИХ-ын гишүүн асан Д.Хувьтөгөлдөрийн хүү Х.Тамирыг гэж олон нийт ойлгодог. Тэрбээр 2015 онд хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэж, худалдан борлуулахыг завдсан хэрэгт буруутгагдаж байсан. Түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэрэгт мөн буруутгаж,  2017 оны нэгдүгээр сард 5.1 жил, жилийн хорих ял шүүхээс оноосон ч тэрбээр давж заалдаж  батлан даалтад гадуур шалгагдаж байхдаа дахин мансууруулах бодис хэрэглэсэн гэж буруутгагдан, таван жилийн хорих шийдвэрийг шүүх  2018 онд гаргаж байв.

Энэ мэтээр эдгээр эрх мэдэлтнүүдийн хүүхэд, ач зээр нарын холбогдсон хэргийг  мэдээлж байх хэрэгтэй. Эс тэгвээс хэргүүд нь чимээгүй замхарсан шигээ Монголчуудыг цагаан тахлаар хиаруулж мэдэхээр байна.