Preloader
Шуурхай мэдээ:

Шинэ хуулийн төсөлтэй "НОМЫН БАЯР"

Мэдээ мэдээлэл

  1. Эхлэл
  2. Онцлох мэдээ

 

 "Номын баяр "2020” арга хэмжээг есдүгээр сарын 18-наас, аравдугаар дугаар сарын 4-ний өдрүүдэд "Хязгааргүй -Ном-Сэтгэлгээний эрх чөлөө уриан дор зохион байгуулахаар болсон. Тиймээс энэ гэгээн өдрийн арга хэмжээг сурвалжлахаар Сүхбаатарын талбайг зорилоо. Цэв цэнхэр тэнгэрт хаа нэг үүлс нүүн, нар алгуурхнаар ээсэн, намрын налгар өдрүүдээр номын баяр тохиов. Төв талбай хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Монгол дээлээрээ гангарч, номын баяртаа ирсэн хүмүүс, талбайг тойруулаад эгнэсэн цагаан, улбар шар өнгийн асрын үүдээр холхилдоно. Асрын урд талд "Уяхан замбуу тивийн наран” дуу эгшиглэж, хөгжмийн аясаар усан оргилуур цацрах нь хүмүүний сэтгэлийг уудлах шиг юутай сайхан. Магадгүй өнөөдрийн Монголын их амар амгалан энэ цаг мөчид тохиох мэт.

МОРИН ХУУРЫН ХӨГТЭЙ "НОМЫН НЭЭЛТ”

Ийнхүү товлосон цагтаа Номын баярын нээлт нийслэл, аймаг, орон нутагт нэгэн зэрэг эхэлсэн юм. Нээлтэнд УИХ-дарга
Г.Занданшатар, Соёлын сайд С.Чулуун тэргүүтэн, зохиолчид, ном шимтэн унших дуртай олон хүн оролцлоо. Тайзнаа улсын филармонийн Морин хуур чуулга "Сэрсэн тал” аялгууг эгшиглүүллээ. Монгол хүнээс өөр хэн ч энэ аялгууг ийнхүү мэдэрч сонсож, зүрх сэтгэлээрээ уусан нэгдэж чадахгүй мэт тайван амгалан оршино. Мөн УДЭТ-ын залуу уран бүтээлчид
"Монгол хэл”, "Хүмүүн бичиг” шүлгийг уран уншиж үгийн хөг аялгуугаар зон олныг баясууллаа.

 

Энэ үеэр ахмад зохиолчдодоо хүндэтгэл үзүүлсэн юм. Дараа нь номын баярыг угтаж зохион байгуулсан УИХ- дарга Г.Занданшатарын нэрэмжит "Мэргэн ном”,"Баялаг ном”, "Д.Нацагдорж тэмдэгтэн” шагнал гардуулах ёслол боллоо. Энэ үеэр Д.Нацагдорж тэмдэгтэн” шагналын эзэн болсон инээмсэглэл цацруулан зогсох охины сэтгэгдлийг хуваалцав. Тэрбээр "Намайг Ц.Ганболор гэдэг. "Хөгжил цогцолбор” нэгдүгээр дунд сургуулийн есдүгээр ангид сурдаг.

Ном унших дуртай, уран зохиол сонирхож эхэлсэн цагаас хойш алдаагүй, зөв найруулан бичих чадвар минь дээшилсэн гэж боддог. Би зохиолч болохыг мөрөөддөг. Бичсэн зүйлээ багш, найзууддаа уншуулах дуртай. Тэд нар намайг сайн бичжээ хэмээн урамшуулдаг. Тиймээс илүү хичээнэ” хэмээв. Үнэхээр ном бол нэг ертөнц, үзэл бодлыг агуулж байдаг мэдлэгийн их уурхай юм. Ийнхүү хүүхэд сэтгэлгээ хөгжиж байх явцдаа номтой нөхөрлөж, номын сайхныг шимтэн уншина гэдэг юутай сайхан.

НОМ БОЛ ХҮМҮҮНИЙ БҮТЭЭСЭН ГАЙХАМШИГТ "НАР”

Номын баярт жил бүр 30 – 40 мянган уншигч, 100 гаруй хэвлэн нийтлэгч, 300-гаад зохиолч, орчуулагч, редактор, зураач, эх зохиогч оролцдог байна. "Хэдий эдийн засгийн хямралтай, хөл хориотой байгаа ч энэ жил илүү өргөн болж байна” хэмээн зохион байгуулагчид хэллээ. Талбайд 200 орчим асар босгосон ч хүрэлцэхгүй байгаа аж. Номын баяр орон даяар
18 хоногийн турш үргэлжлэх юм.

Эдгээр өдрүүдэд "Номын баяр- бидний баяр” онлайн ярилцлага, номын үзэсгэлэн, худалдаа, шинэ номын танилцуулга шоу, орон даяар номын сангуудын уншигчдыг идэвхжүүлэх зорилгоор "Ном бид хоёр” бүх нийтийньхөдөлгөөнийг зохион байгуулах аж. Мөн "Уншигчийн сэтгэгдэл”, "Гэр бүл - ном”, "Багшийн эрдэм шавьд”, "Зохиолчийн хүүрнэл” зэрэг цахим уралдаан, "Танай дүүрэгт- Таны дэргэд” уриан дор тусгай хөтөлбөрийн дагуу ном солилцоо, Уншигч-зохиолчдын уулзалт, сургалт лекц, уншигч хүүхдэд зориулсан хөтөлбөр, уран уншлага, номын баатруудын театрчилсан тоглолт, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан брайл номын үйлчилгээ, ном, хэвлэлийн салбарын өнөөгийн байдал, ирээдүйн хөгжил, утга зохиолын шүүмж судлалыг хөгжүүлэх зэрэг чиглэлээр нэвтрүүлэг, хэлэлцүүлэг зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээр болжээ. Энэ үеэр Ардын уран зохиолч Т.Галсан гуайн сэтгэгдлийг хуваалцлаа. Тэрбээр "Өнөөдөр би дэндүү аз жаргалтай байна.

Намрын тэнгэр өнөөдөр налгар сайханч байна.Жанжин Сүхбаатарынхаа талбайд Монголын ард түмэн ном гэх эрдэнийн хишгийг ийнхүү хамтдаа хуваалцан суугаа нь сайхан. Би хорвоо хоёр нартай гэж боддог. Нэг нь тэнгэрт байгаа нар. Энэ нар хорвоог гэрэлтүүлдэг. Харин өнөөх нь хүний бүтээсэн ном гэх гайхамшигт нар юм. Энэ нар хүмүүнийг дотроос нь дулаацуулж, гэрэлтүүлж байдаг” хэмээлээ.

"ҮНДЭСНИЙ НОМ, БИЧИГ СОЁЛЫН ӨДӨР”-ТЭЙ БОЛОХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА

Мөн энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "Үндэсний ном бичиг соёлын өдрүүдтэй болох”хуулийн төслийг УИХ гишүүн Ц.Мөнхцэцэг, Ч.Ундрам, А.Саранчимэг нар өргөн барилаа. Энэ хуулийг 2020 оны намрын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж байна” гэв. Дэлхий дахинд 100 гаруй улс номын баярыг тэмдэглэдэг байна. Энэ жишгийг хэрэгжүүлэх хуулийн төслийг өргөн барьсанд хүмүүс сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байлаа. Уг хуулийн төслийн талаар УИХ гишүүн Ц.Мөнхцэцэгээс тодруулахад, "Нийгэм соёлын амьдрал, даяарчлал асар хүчтэй нэвтэрч, техник технологийн дэвшил өргөжиж байгаа цаг үед Монгол үндэстний соёл хэл зан заншлыг дараагийн үед өвлүүлэн үлдээх нь чухал. Тиймээс нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан. Энэ хуулийн төсөлд жил бүрийн таван болон есдүгээр сарын гуравдахь долоо хоногийн гурав дахь өдрийг "Үндэсний ном, бичиг соёлын өдөр” болгон тэмдэглэхээр тусгасан.

Энэ нь Монгол үндэстний өв соёлын өв дурсгалыг хамгаалах, ном бүтээх өвийг үргэлжлүүлэх, хүүхэд залуучуудад уламжлуулан үлдээх чухал ач холбогдолтой. Мөн Монголын ном, бичиг, соёлын баярыг олон улсын хэмжээнд тэмдэглэх боломжийг бүрдүүлэх юм” гэлээ. Ийнхүү номын баярын арга хэмжээ үргэлжилж, хүмүүсийн хөл хөдөлгөөн ихсэв. Талбайн урд эгнүүлэн барьсан гуч гаруй асар орой дээрээ "Хуучны ховор ином” хэмээн бичжээ. Өнгөрсөн цаг хугацааны нэгэн дуртгалыг хүүрнэх мэт тэнд өрөөстэй номнууд эрмэг нь шарлаж, өнгө нь гандсан нь нарны гэрэлд тод харагдана. Гэвч дотор нь буй түүх хэзээ ч үл хуучрах аж. Цааш хэвлэлийн газар, зохиолчдын асар эгнэн байрлажээ. Энэ үеэр "Ээжээ би энэ номыг авъя” гэх хүүгийн хоолой тод сонсогдлоо. Энэ бол "Мон судар” хэвлэлийн компанийн хүүхдийн номын худалдааны орчинд сонсогдсон яриа юм. "Харри поттерийн цуврал ном”, "Тэрслүү охид” ном их борлуулалттай байна.

Эцэг эхчүүд ирж үйлчлүүлж байгаа. Хүүхдээ багаасаа ном унших дуртай болгож байгаа нь бахархалтай гэж худалдагч эмэгтэй ярилаа. Хүмүүс сонирхсон номоо авч, зохиолчоор нь гарын үсэг зуруулж, тэдэнтэй яриа өрнүүлэн харагдана. Ийнхүү номоо торгоор баринтаглаж бурхныхаа зулай дээр залдаг Монгол түмний өв соёл мөнхөд оршихийн ерөөлийг сэтгэлдээ тээгээд талбайгаас буцлаа.